Хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг уриалцгаая

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих энэхүү үйл ажиллагааг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 8 сарын 1-7 хооронд тэмдэглэдэг.  

 

  • Хөхний сүү хүүхдийн бие махбодод хэрэгцээтэй, шингээхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш  6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг. Ингэснээр  уушгины хатгалгаагаар өвчлөх  эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
  • Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Оюун ухааны хөгжил нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.
  • Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор  жил тутам 20,000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.  
  • Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал: 2016 онд гарсан улаанбурханы дэлгэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн сүүгээр дагнан хооллоогүй хүүхдүүд байсан.

6 сар хүртэлх сартай хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.  

Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хооллолт буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын төвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа зэргээс шалтгаалж байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай  асуудалд биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг нахаарч хамтран ажиллах шаардлагатай юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.