Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Боом өвчнөөр таван хошуу мал, гахай, зээр, гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, нохой, үнэг, хярс, бар, арслан зэрэг амьтан өвчлөхөөс гадна хүн өвчилнө.
Илрэх шинж тэмдэг
Нян орсон хэсгийн арьсан дээр улаан цэг үүсч, гүвдрүүтэн , цэврүүтэж хар тав үүснэ.
Уушгины хэлбэр: өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханмалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Гэдэсний хэлбэр: Боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.
Арьсны хэлбэр: Амьсгал давхцан өвчтөн шоконд орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсч улмаар цэврүүтэж эмзэглэлшүй хар тав тогтож их хэмжээний хаван үүснэ.
Боом өвчний сэргийлэлт
– Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид арьсыг шалбалах, гэмтээхээс болгоомжлох
– Үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх
– Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
– Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал, амьтантай харьцах үедээ хамгаалах хувцас өмсөх
– Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
– Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
– Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн хяналттайгаар хийх
– Мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандаж үхсэн шалтгааныг тогтоолгох
– Өвчтэй буюу үхсэн малтай харьцсаны дараа ариутгалын бодис уусмалаар гар хувцас хэрэгслэлээ халдваргүйжүүлэх
– Мал, махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа малын гарал үүслийн тодорхойлолт, гэрчилгээг тодруулах
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээг авах шаардлагатай.


