Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх зааварчилгаа

 

  • Халдваргүйжүүлэх уусмалд нэг алчуурыг дахин дахин дүрж норгохыг хориглоно.
  • Гадаад орчны талбайд халдваргүйжүүлэлт хийхдээ бодисыг хуурайгаар цацаж болохгүй заавал шингэн хэлбэрээр, шүрших, арчих аргыг хэрэглэнэ;
  • Халдваргүйжүүлэх бодисыг гадаад орчны тэгээс(00) доош хэмд хэрэглэхгүй;
  • Халдваргүйжүүлэлтийг хийхдээ энэхүү зааврын тавдугаар хэсэгт заасан бодисуудаас аль нэгийг сонгон хэрэглэнэ.
  • Тухайн байгууллагын эмч, эрүүл ахуйч, хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ-ын) ажилтан, менежерийн хяналтан дор халдваргүйжүүлэлтийг хийнэ.
  • Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авч ажиллана.
  • Нийтийн эзэмшлийн талбай/зам, үерийн далан зэрэг/-д цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцаж зохион байгуулна.
  • Халдварт өвчин бүртгэгдсэн албан байгууллага, аж ахуйн нэгж нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ;

 

Хоёр. Байгууллагын дотоод орчинд  цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх

  • Цэвэрлэгээг хамгийн дээд хэсэгт байрлаж буй зүйлээс эхэлж дээрээс доош нь чиглэлтэйгээр сайтар хийнэ;
  • Ямарваа нэгэн эд зүйлсийн дээд тал, хөндий, доод хэсэг, паар, шалны завсар зэргийг сайтар цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулсан байна;
  • Халдваргүйжүүлэлт хийх үед супермаркет, зах, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газар, ресторан, бар, кафе, ТҮЦ, цайны газар, хүнсний үйлдвэр зэрэг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав, баглаа боодлыг хөргөгч, хөлдөөгч, төрөлжсөн зориулалтын агуулахад далд хийлгэж, тохирох хэмд хадгалах, хүнстэй шууд харьцах тоног төхөөрөмжийг шингэн нэвчихгүй материалаар сайтар битүүмжлэн ажлын байр болон лангуу тавиур, сандал, ширээг угааж цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийнэ.
  • Хивс, хивсэнцэр, буйдан зэрэг зүйлсийг тоос сорогч ашиглан сайтар цэвэрлэнэ. Халдварт өвчин гарсан тохиолдолд аль болох хивс, хивсэнцэр ашиглахгүй байх шаардлагатай;
  • Халдваргүйжүүлэлтийг хамгийн дээд хэсэгт байрлаж буй зүйлээс эхэлж дээрээс доош нь  чиглэлтэйгээр хийнэ;
  • Хүний гар хүрч халдваргүйжүүлэхэд төвөгтэй зай завсар, хэт өндөрт байрласан зүйлс зэргийг халдваргүйжүүлэхэд халдваргүйжүүлэх уусмалыг агаарт мананцар үүсгэн цацна;
  • Олон хүний гар хүрч амархан бохирддог компьютерийн гар, заагуур, гар болон телефон утас, хаалганы бариул, унтраагуур, цахилгаан шатны дотор орчин, цахилгаан шатны товчлуур, ширээ, шатны бариул, зурагтын удирдлага, сандлын түшлэг, нийтийн заалны сандал, мөнгөний болон бусад АТМ машины товчлуур, ариун цэврийн өрөө зэргийг 2 цаг тутамд, мөн бохирлогдсон тохиолдол бүрт халдваргүйжүүлэх уусмалаар арчина;
  • Бөөлжис, нус, цэр, ялгадсыг салфетка, ариун цэврийн цаасыг ашиглаж, шингээж арчин, халдваргүйжүүлэх уусмалаар бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйжүүлнэ;
  • Үйлчлүүлэгчдийн орны цагаан хэрэглэл, орны бүтээлэг, гар нүүрийн алчуур, зэрэг зөөлөн эдлэлийг агаарт сэгсэрч агаарын хөдөлгөөн үүсгэхгүйгээр зөөлөн хумьж аван, бохир хэрэгсэл зөөвөрлөх саванд хийж, угаалгын газарт хүргэнэ. Халдваргүйжүүлэх уусмалд 1 цагийн турш бүрэн дүрж халдваргүйжүүлсний дараа угаалгын бодис ашиглан угааж индүүднэ;
  • Бохир хэрэгсэлтэй харьцаж ажиллаж буй ажилтан халад, хормогч, бээлий, ханцуйвч зэргийг заавал өмссөн байна. Хамгаалах хувцас хэрэгслийг дээрх зөөлөн эдлэлийн адилаар угааж, халдваргүйжүүлнэ.
  • Угаах боломжгүй орны зөөлөн эдлэл болох хөнжил, гудас, бүтээлэг, дэр зэргийг цэргийн хуаран, дотуур байр, хүүхдийн байгууллага, асрамжийн газар зэрэгт 7 хоног бүр гадаад орчинд гөвж сэгсрэх, нарны гэрлийн нөлөөг ашиглан физикийн аргаар халдваргүйжүүлнэ. Мөн дезкамер ашиглан уур, агаар, озоноор халдваргүйжүүлнэ;
  • Хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэсний дараа халдваргүйжүүлэх уусмалд дүрж байлган халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлж, цэвэр алчуураар арчина;
  • Цонхны хөшиг, ширээ, суудлын бүтээлэг зэрэг зөөлөн эдлэлийг 7 хоног бүр угааж индүүднэ;
  • Үсчин, гоо сайхан, саун, бассейн, чийрэгжүүлэлтийн усан сан/спа/, иогийн төв, нийтийн халуун ус, массаж, маникур, педикур, фитнесс болон биеийн дасгал хөдөлгөөн хийдэг газруудад өдөр тутмын цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх уусмалыг ашиглан, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх бөгөөд орны хэрэглэл, биеийн болон гар нүүрний алчуур, хувцас, нөмрөг, иогийн хэрэгсэл зэрэг зөөлөн эдлэлүүдийг хэрэглэсэн тухай бүр халдваргүйжүүлэх уусмалд дүрж халдваргүйжүүлэн угааж индүүднэ. Усны шаахай, үсний сам, хайч, сэнс, индүү, хумс арчилгааны зэрэг жижиг хэрэгсэлийг халдваргүйжүүлэх уусмалд 15 минутын туршид дүрж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.
  • Сургууль, цэцэрлэг зэрэг сургалтын боловсролын байгууллага, компьютер, тоглоомын газар, кино театр, үзвэрийн газар, урлагийн болон биеийн тамирын заал, шашин, сүм хийдийн газар, номын сан зэрэг олон хүн нэг дор байрладаг газруудад өрөөний агаар сэлгэлтийг 2 цаг тутамд 5-15 минутын турш хийж, өдөр тутмын цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх уусмалыг ашиглана;
  • Түр саатуулах байранд хэрэглэгдэж байгаа зөөлөн эдлэлийг 1 хүн хэрэглэсний дараа угааж индүүдэх, дезкамераар халдваргүйжүүлнэ;
  • Харуулын пункт (цагдаа, элчин сайдын яамдын харуул, албан байгууллагуудын болон сууц өмчлөгчдийн холбоо, хотхон)-ын байрыг өдөр бүр агаар сэлгэлт хийж, халдваргүйжүүлэх уусмал ашиглан цэвэрлэж, халдваргүйжүүлнэ;
  • Ариун цэврийн өрөө, тосгуур, хөтөвч, угаалтуур, суултуур, банн зэргийг цэвэрлэсний дараа халдваргүйжүүлэх уусмал ашиглан дүрэх, арчих зэргээр халдваргүйжүүлнэ;
  • Төвлөрсөн бус зөөврийн усан хангамжтай тохиолдолд усны машины емкост, нөөцлөх савыг өдөр бүр усыг шавхах ба улиралд 1 удаа халдваргүйжүүлэлт хийж, цэвэр усаар сайтар зайлна. Ус зөөх сав, усны шанага зэргийг өдөр бүр угаасны дараа халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлж, цэвэр усаар сайтар зайлна;
  • Машин, нисэх онгоц, галт тэрэг нийтийн тээврийн автобусны дотор бүхээгт цэвэрлэгээг хийсний дараа хүний гар хүрэх бариул, жолооны хүрд, араа, дотор бүхээг, суудлын түшлэг, бүс, шал, хана зэргийг халдваргүйжүүлэх уусмал шингээсэн алчуураар арчих болон шүрших аргаар халдваргүйжүүлнэ;
  • Нийтийн тээврийн автобусны дотор бүхээгний хөшиг, суудлын даавуун бүрээс зэргийг 2-3 ээлжийн болгон, 3 хоног тутамд угааж индүүднэ.
  • Байгууллагууд автомат болон механик агааржуулалтын системийн агаар шүүгчийг солих, агааржуулалтын шугам хоолойг цэвэрлэх, засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн зааврын дагуу тогтмол хийнэ.  

 

Гурав. Гадаад орчинд халдваргүйжүүлэлт хийх

3.1.  Гадаад орчинд ил задгай хог хаягдлын хуримтлал үүсгэхгүйгээр хогийн савны тоо, хэмжээ, хоорондын зайг тооцож байршуулан, хогийн сав, хогийн бункерээс хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж зайлуулан 1 кв.м талбайд 300-500 мл халдваргүйжүүлэх уусмал ногдохоор тооцож  шүршинэ;

3.2. Тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, гадаа шатны бариул, орцны хаалга, хаалганы бариул, автомат цоожны товчлуур зэргийг тухайн аж ахуйн нэгж, албан байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо хариуцан өдөр бүр халдваргүйжүүлэх уусмалаар шүрших, арчих зэргээр халдваргүйжүүлнэ;

3.6. Тамхи татах цэгт харьяалах байгууллага нь өдөр бүр цэвэрлэгээг хийж халдваргүйжүүлэх уусмалаар шүршинэ;

3.7. Нийтийн бие засах газарт харьяалах байгууллага өдөр тутам халдваргүйжүүлэх уусмал ашиглан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийнэ;

3.8.  Ил задгай нүхэн жорлон, хогийн цэг, үерийн далан, айл өрхийн муу усны цооног, жорлон зэргийг хаврын улиралд 4-5 сар, намрын улиралд 7-9 саруудад авгалдай устгах, халдваргүйжүүлэх ажиллагааг бактери фаг болон шавж устгах, халдваргүйжүүлэх уусмал ашиглан хийж гүйцэтгэнэ; 

3.9. Зам хоорондын хашлага, хайс, хашаа, гүүрэн гарц, хонгил, шат, нийтийн эзэмшлийн талбай, зарлалын самбар, гэрлэн дохио зэрэг хүний гар хүрэх боломжгүй зүйлсийг шүрших төхөөрөмж (машин, онгоц, автомакс) ашиглан шүршиж халдваргүйжүүлнэ;

3.10.Хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгслийг ажлын дараа өдөр бүр цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.

3.11. Халдварт өвчин гарсан тохиолдолд голомтот газраас ирж буй ачаа тээш, бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн гадна тал, дугуйг тухайн үеийн салхины чиглэлийг тооцож салхины дээд талд зогсож гадна  талаас нь халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж /хэт норгохгүй/ халдваргүйжүүлнэ.

 

Дөрөв.  Халдваргүйжүүлэх  уусмал бэлтгэхэд баримтлах зарчим

  • Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/59, А-45, А/81 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсад ашиглаж болох ариутгах, халдваргүйжүүлэх бодисын жагсаалтад орсон бодисыг хэрэглэнэ; (2020 оны тушаал батлагдвал тус тушаалыг дагаж мөрдөнө)
  • Халдваргүйжүүлэх бодисыг сонгохдоо тусгай зөвшөөрөл бүхий нийлүүлэгч байгууллагаас хэрэглэх, аюулгүй ажиллагааны зааврын хамт авна. Хаяг, шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодисыг хэрэглэхгүй;
  • Халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэхдээ үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх, аюулгүй ажиллагааны заавар, хүчинтэй хугацааг баримтална;
  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хэрэглэгдэх зориулалт бүхий халдваргүйжүүлэх бодисыг нийтлэг үйлчилгээний газрууд, ахуйн нөхцөлд хэрэглэхгүй;
  • Халдваргүйжүүлэх бодисыг хуурай хэлбэрээр цацаж хэрэглэхгүй бөгөөд үйлдвэрлэгчийн зааврын дагуу найруулан арчих болон хатуу гадаргуун талбайд шүрших, дүрэх аргыг ашиглана.

Тав. Өргөн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх заавар

5.1.  Клорсепт -17” (Клорсепт)

  • “Клоросепт-17”бодис (шахмал)–ыг арчих, шүрших, дүрэх аргаар халдваргүйжүүлэлтийг хийхэд хэрэглэнэ. Ажлын уусмалыг бэлтгэхэд шилэн, хуванцар, пааландсан савыг ашиглана;
  • Нийтийн талбай, албан тасалгаа, өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0.02%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 5 литр бүлээн усанд 1 шахмал Клорсепт хийж бэлтгэнэ;
  • Ариун цэврийн өрөө, жорлон, ванн, угаалтуурыг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0,05 %-ийн уусмалыг ашиглах бөгөөд 2 литр усанд 1 шахмал Клорсепт хийж найруулна;
  • Найруулсан уусмалыг 5-10 минут таглаж бүрэн уусгасны дараа хэрэглэнэ.

 

5.2.  Гипохлорид натри (Белизна, АСЕ)

  • Гипохлорид натри (белизна) нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, арчих, шүрших, дүрэх аргаар халдваргүйжүүлэлт хийхэд хэрэглэнэ;
  • Нийтийн талбай, албан тасалгаа, өрөөг халдваргүйжүүлэхэд 0.25%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 9 л 850 мл бүлээн усанд 150 мл белизна нэмнэ;
  • Ариун цэврийн өрөөг халдваргүйжүүлэхэд 10 литр уусмал бэлтгэхэд 9 л 400 мл бүлээн усанд 600 мл белизна нэмж найруулан, 1%-ийн уусмал бэлтгэж хэрэглэнэ;
  • Уусмалын идэвхээ амархан алддаг тул хэрэглэх бүрдээ шинээр бэлтгэж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгана;
  • Металл сав суулгыг гэмтээх, зэврүүлэх, даавуун материалыг гэмтээх цайруулах нөлөөтэй тул болгоомжтой хэрэглэнэ.

 

  • ДП-2Т
  • Орчны гадаргуугийн халдваргүйжүүлэлтэд өргөн хэрэглэхэд тохиромжтой;
  • Нийтийн талбай, өрөө тасалгааг 0,01%-ийн халдваргүйжүүлэлтийн уусмал бэлтгэж ашиглана. Уусмалыг бэлтгэхдээ 20 литр бүлээн усанд 1 шахмал ДП-2П хийж найруулж хэрэглэнэ;
  • Ариун цэврийн өрөөг 0.03% ажлын уусмалаар халдваргүйжүүлнэ. 20 литр усанд 3 шахмал ДП-2П хийж найруулан хэрэглэнэ;
  • Бэлтгэсэн уусмалын хүчинтэй хугацаа 24 цаг.

 

 

 

 

 

  • Жавелион (Javelion)
  • “Жавелион” бодис (шахмал)–ыг арчих, шүрших, дүрэх аргаар халдваргүйжүүлэлтийг хийхэд хэрэглэнэ. Ажлын уусмалыг бэлтгэхэд шилэн, хуванцар, пааландсан савыг ашиглана;
  • Найруулсан ажлын уусмалыг 3 хоног хадгална;
  • Жавелионыг шилэн паалантай, пластмассан саванд бэлтгэнэ;
  • Албан тасалгаа, өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0.015%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 10 литр бүлээн усанд 1 шахмал жавелион хийж бэлтгэнэ;
  • Олон нийтийн эзэмшил талбай, ариун цэврийн өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0,03 %-ийн уусмалыг ашиглах бөгөөд 10 литр бүлээн усанд 2 шахмал жавелион хийж найруулна;
  • Найруулсан уусмалыг 5-10 минут таглаж бүрэн уусгасны дараа хэрэглэнэ.

 

5.5  Кальцийн гипохлорид

  • “Гипохлорид кальци” бодисыг арчих, шүрших, дүрэх аргаар халдваргүйжүүлэлтийг хийхэд хэрэглэнэ. Ажлын уусмалыг бэлтгэхэд шилэн, хуванцар, пааландсан савыг ашиглана;
  • Албан тасалгаа, өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0.25%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 5 литр бүлээн усанд 20 граммыг хийж бэлтгэнэ;
  • Олон нийтийн эзэмшил талбай, ариун цэврийн өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 5%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 5 литр бүлээн усанд  40 граммыг хийж найруулна;

5.6   Клорклийн /Klorkleen/

  • “Клорклийн” бодис (шахмал)-ыг арчих, шүрших, дүрэх аргаар халдваргүйжүүлэлтийг хийхэд хэрэглэнэ. Ажлын уусмалыг бэлтгэхэд шилэн, хуванцар, пааландсан савыг ашиглана;
  • Нийтийн талбай, албан тасалгаа, өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0.02%-ийн уусмалыг ашиглах бөгөөд 5 литр бүлээн усанд 1 шахмал Клорклийн хийж бэлтгэнэ;
  • Ариун цэврийн өрөө, жорлон, ванн, угаалтуурыг цэвэрлэж, халдваргүйжүүлэхэд 0,05 %-ийн уусмалыг ашиглах бөгөөд 2 литр усанд 1 шахмал Клорклийн хийж найруулна;
  • Найруулсан уусмалыг 5-10 минут таглаж бүрэн уусгасны дараа хэрэглэнэ.

 

5.7. Сод 

  • Хүүхдийн тоглоом, гал тогооны хэрэгсэл зэргийг угааж хэрэглэнэ.
  • 1 литр усанд 20 грамм содыг хийж 2%-ийн уусмал бэлтгэн хэрэглэнэ.