ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээр олгож байна.
Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай уулгадаг А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд
• хүүхдийн нүдний хараа,
• мэдрэлийн үйл ажиллагаа,
• арьс салстыг хамгаалах,
• дархлааг дэмжин,
• өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.
А аминдэмийг жилд хоёр удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
• 6 -11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж А аминдэмийг
• 12-59 сартай хүүхэд 200 000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
• 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.
Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь /ОНБТБ / 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан байдаг.
ОНБТБ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодод зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул:
• Биеийн дархлааг сайжруулна.
• Бичил тэжээлийн дутлаас сэргийлнэ
• Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлнэ.
• Хүүхдийн өсөх, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлнэ.
Та бүхэн өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан хүүхэддээ А аминдэм, Олон найрлагат бичил тэжээлийг авч хүүхэддээ уулгаарай.
