УРОЛОГИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙДЭГ БОЛЛОО.

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг урологийн /бөөр, шээсний доод замын/ дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Улсын төсвийн 313 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. АНЭ-ийн зүгээс энэ төрлийн хагалгааг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн жилээс хангаж эхэлсэн бөгөөд мэргэжлийн боловсон хүчнийг ч бэлтгэжээ. Тоног төхөөрөмжийн нээлтийг угтаж, Эмч нарын баг урологийн дурангийн мэс заслыг 4 иргэнд амжилттай хийжээ. Тухайн иргэдийн биеийн байдал сайн, орон нутагтаа түргэн шуурхай, ямар нэг зовиургүй хагалгаандаа орсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь иргэд энэ төрлийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотруу явж, 1-2 сар дарааллаа хүлээдэг байжээ.
Тоног төхөөрөмж хүлээлцэх нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Идэрбат, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул, Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийн гишүүн, докторант, мэс заслын тэргүүлэх эмч М.Эрдэнэсайхан болон АНЭ-ийн эмч ажилтнууд оролцов. Тэрбээр, Сүхбаатар аймгийн эмнэлэг тоног төхөөрөмж сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилсэн гэдгийг онцлон сайшааж байлаа.