Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжиж халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдэж байгаа юм.
Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий.
Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.
- Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах
- Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях
- Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх
- Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах
- Ямаа, үхрийн түүхий сүүmуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх

